Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбооны вэб хуудсанд тавтай морилно уу.

213 тоот

БГД, ДЭМ оффис

9:00 AM - 6:00 PM

Даваа-Баасан

МТЗНХ-ы дүрэм

МОНГОЛЫН ТЭЭВЭР ЗУУЧЛАГЧДЫН НЭГДСЭН ХОЛБООНЫ ДҮРЭМ

1  дүгээр зүйл.   Холбооны тодорхойлолт, оноосон нэр, байршил.

1.1 Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбоо ( цаашид Холбоо гэнэ ) нь Монгол Улсын “Төрийн бус байгууллагын тухай” хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан, гишүүд нь өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс сайн дурын үндсэн дээр нэгдсэн,нийгэм болон гишүүдийнхээ хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үндсэн зорилготой, үйл ажиллагаа нь төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар явуулдаг, ашгийн төлөө бус, гишүүддээ үйлчилдэг төрийн  бус байгууллага, тээвэр зуучлалын мэргэжлийн холбоо  мөн.

1.2 Холбооны үйл ажиллагаа болон тайлан нь олон түмэнд ил тод байна.

1.3 Холбоо дараах оноосон нэртэй байна:

1.3.1  Холбооны бүтэн нэр:         “Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбоо”;

1.3.2  Товчилсон нэр:                   “МТЗНХ”;

1.3.3  Англиар:                             “Federation of Mongolian Freight Forwarders”;

1.3.4  Товчилсон нэр:                   “FMFF”;

1.4 Холбоо Улаанбаатар хотод байршина. Хаяг: Монгол улс Улаанбаатар хот. Баянзүрх,26 хороо Сөүл Бизнесс төв 6 давхар.

2 дугаар зүйл.  Холбооны эрх зүйн байдал.

2.1.  Холбооны үйл ажиллагаа Монгол улсын хууль тогтоомж, энэхүү дүрмийн хүрээнд явагдана.

2.2.  Холбоо хуулийн дагуу санхүүгийн болон бусад хэлбэрийн дэмжлэг, тусламж авах эрхтэй.

2.3. Холбоо төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбогдсон төрийн нууцад үл хамаарах мэдээллийг төрийн бүх шатны байгууллагаас авах эрхтэй.

2.4 Холбоо хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас гаргах шийдвэрийн төсөл боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд өөрийн саналаар оролцох, гаргасан шийдвэрийн дагуу мэдэгдэл хийх эрхтэй..

2.5  Холбоо бие даасан хуулийн этгээд мөн бөгөөд өөрийн нэр, билэг тэмдэг бүхий далбаа болон албан бичгийн бланктай, тамгатай, банкинд өөрийн харилцах дотоод, гадаад валютын данстай байна.

2.6 Холбоо үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг энэхүү дүрэм, бүх гишүүдийн хурлын шийдвэрийг үндэслэн төлөвлөж хэрэгжүүлнэ.

2.7 Холбоо тусгайлсан өмч хөрөнгөтэй байж, өөрийн нэрийн өмнөөс эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх олох, үүрэг хүлээх, шүүх арбитрын байгууллагад нэхэмжлэгч, хариуцагчаар оролцох эрхтэй.

2.8 Холбоо гүйцэтгэх үүргийнхээ талаар хүлээх хариуцлага нь Монгол улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу албадан төлбөр гаргуулж болох бөгөөд тэр нь өөрийн  хөрөнгийн  хэмжээгээр хязгаарлагдана.

2.9  Холбоо өөрийн гишүүдийн хүлээх үүргийн талаар хариуцлага хүлээхгүй.

2.10  Холбооны гишүүд Холбооны хүлээх үүргийн талаар хариуцлага хүлээхгүй.

Холбооны гишүүд Холбооны өмнө өөрсдийн хүлээх үүргийг биелүүлээгүй бол тухайн гишүүнийг гишүүнчлэлээс түтгэлзүүлэх хүртэл хариуцлага хүлээнэ.

2.11 Холбоо төрийн хүлээх үүргийн талаар төрийн өмнө хариуцлага хүлээхгүйн адил төр, Холбооны хүлээх үүргийн талаар холбооны өмнө хариуцлага хүлээхгүй.

3 дугаар зүйл.   Холбооны зорилго, эрхлэх үйл ажиллагаа

 

3.1.   Холбоо дүрмийнхээ зорилгод хүрэх, зорилтоо шийдвэрлэхийн тулд Монгол улсын хууль тогтоомжоор хориглоогүй аливаа үйл ажиллагаа явуулна.

3.2. Холбоо өөрийн үйл ажиллагаагаа Монгол улсын нутаг дэвсгэрт болон хилийн
чанадад хэрэгжүүлнэ.

3.3.  Холбоо гишүүдийнхээ хууль ёсны ашиг сонирхлыг илэрхийлж төр, олон нийт, шүүх, зуучлуулагч (хэрэглэгч) бусад байгууллага, ажил төрлийн холбоо бүхий гадаад орны ижил төстэй холбоо, нийгэмлэгүүд (FIATA) – тэй харилцана.

3.4.  Холбоо дотоод, гадаадын зах зээл дээр зуучлагчийн үйлчилгээ үзүүлдэг үндэсний тээвэр зуучийн байгууллагуудыг эгнээндээ нэгтгэнэ.

3.5.  Холбооны гишүүн үндэсний тээвэр зуучлагч байгууллагуудын ашиг сонирхолыг дотоод, гадаадын зах зээл дээр хамгаалж, шудрага өрсөлдөөнийг дэмжинэ.

3.6.   Эрхэлж буй үйл ажиллагаа нь Монгол улсын хууль тогтоомжтой зөрчилдөөгүй, ижил төстэй  олон улсын байгууллага, нэгдэл, холбоо, сан, агентлагуудын үйл хэрэгт нэгдэж оролцоно.

3.7.  Холбооны гишүүн тээвэр зуучийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх,   тэдгээрийн хооронд шудрага бус өрсөлдөөн гарахаас сэргийлнэ.

3.8.  Холбоо гишүүн байгууллагын мэргэжлийн чадавхийг дээшлүүлэхэд анхаарч, мэргэшсэн боловсон хүчний хангалтыг сайжруулахад үйл ажиллагаагаа чиглүүлнэ.

3.9.  Үндэсний ашиг сонирхолд нийцсэн, тээвэр зуучийн ажил үйлчилгээний стандартыг боловсронгуй болгох талаар судалгаа шинжилгээний ажил явуулна.

3.10.  Салбарын үйл ажиллагааны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд тус дэм үзүүлэх,  эрх зүйн хэм хэмжээний акт, баримт бичиг боловсруулах ажлын хэсэг байгуулж ажиллуулна.

3.11.  Тээврийн салбарт мөрдөгдөж байгаа дотоодын болон олон улсын гэрээ хэлэлцээр, хууль тогтоомж, үнэ тариф боловсруулахад оролцоно.

3.12.   Тээвэр зуучийн үйлчилгээний ажилд шудрага бус өрсөлдөөний нөхцөл бүрдэх, татвараас зайлсхийх, үнэ тарифын нийтлэг зохицуулалтаас гажих зэргээр салбарын болон үндэсний ашиг сонирхолд үл нийцэх үйл ажиллагаа явуулсан тээвэр зуучийн байгууллага, албан тушаалтны үйлдлийг нотлох, таслан зогсоох талаар төр, засаг, хууль хяналтын байгууллагад хандана.

3.13.   Мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглах, хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа эрхэлнэ.

3.14.  Ажлын туршлага судлах, туршлага солилцох, ажил төрлийн холбоо тогтоох, зөвлөлгөө авах, хурал зөвлөлгөөнд оролцуулахаар холбооны гишүүн байгууллагын төлөөлөгчийг гадаадад томилолтоор явуулах, гадаадын мэргэжилтэн урьж ажиллуулна.

3.15.   Үндэсний тээвэр зуучийн нэгдсэн баримт бичиг боловсруулж, FIATA-гийн баримт бичгүүдийг гишүүн байгууллагуудад нэвтрүүлнэ.

3.16.  Дотоод, гадаадын тээвэр зуучийн байгууллагуудын ажлын дэвшилттэй арга барил, туршлагыг судалж гишүүн байгууллагуудын ажилд нэвтрүүлнэ.

3.17.   Гадаадын болон олон улсын тээвэр зуучийн байгууллага, холбоодтой харилцаа тогтооно.

3.18. Тээвэр зуучийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх, нэгдсэн сургалт зохион байгуулах, тээвэр зуучлагч байгууллагуудын мэргэжилтнүүдийг хамруулна.

3.19. Тээвэр, тээвэр зуучлалийн салбарын үйл ажиллагааны талаар төрийн байгууллагаас шийдвэр гаргахад оролцоно.

3.20. Тээвэрлэгч, тээвэр зуучлагчид, гааль болон үйлчүүлэгчдийн хоорондын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр эрх зүйн акт, хуулийн төсөл санаачлан боловсруулна.

3.21. FIATA болон олон улсын бусад байгууллагын шугамаар зохиогдох тээвэр зуучийн ажил  үйлчилгээтэй холбоотой асуудал хэлэлцэх уулзалт,  хурал, зөвлөлгөөнд оролцоно.

3.22. Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын олон нийттэй харилцах алба, Хууль зүй дотоод хэргийн яам,  Худалдаа аж үйлдвэрийн танхим, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг зэрэг төр, олон нийтийн болон төрийн бус байгууллагуудтай ажил төрлийн холбоотой байж гишүүн байгууллагуудын ашиг сонирхолд нийцсэн шийдвэр, хууль тогтоомж гаргахад оролцоно.

дүгээр зүйл.   Холбооны гишүүнчлэл

4.1.  Холбооны гишүүн тээвэр зуучлалын байгууллага нь МТЗНХ – нд ашиг сонирхлын нэгдмэл байдлаа илэрхийлсэн, энэхүү дүрмийг хүлээн зөвшөөрсөн, гишүүний элсэлтийн хураамж болон жилийн татвараа тогтоосон хугацаанд төлсөн, Монголын тээвэр зуучлалийн байгууллага байна.

4.2.  Холбоонд гишүүнээр элсэгч нь гишүүнээр элсэхийг хүссэн өргөдөл, тээвэр зуучлалын үйл ажиллагаа болон бусад ажил үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл, компаний улсын бүртгэлийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулсан хуулбар, байгууллагын товч танилцуулгыг өргөдөлд хавсаргана.

4.3. Холбоо нь холбооны удирдах зөвлөлийн гишүүдийн хурлаар гишүүнээр элсүүлнэ. Гишүүнээр элсүүлэх шийдвэр нь тухайн хуралд оролцогчдын дийлэнх олонхын саналаар батлагдана.

4.4. Холбооны удирдах зөвлөлийн хуралд гишүүнээр элсэх хүсэлт гаргасан байгууллагын удирдлага өөрийн биеэр оролцоно.

4.5.  МТЗНХ – ны гишүүний гэрчилгээ авснаар гишүүний бүрэн эрх эдэлнэ.

4.6. Гэрчилгээний хүчинтэй хугацаа нэг жил байна. Холбооны гишүүд нь гэрчилгээний хүчинтэй хугацааг сунгуулахдаа дараа оны 02 дугаар сарын 01-ний дотор татвараа төлнө.

4.7.  Гишүүнчлэл нь ийнхүү баталгаажаагүй, зохих татвар хураамж, төлбөрүүд тогтоосон хугацаанд хийгдээгүй нөхцөлд Холбоо тухайн  байгууллагыг гишүүнээс нэг улирлын хугацаагаар түдгэлзүүлнэ.

4.8.  Холбоо тухайн байгууллагын гишүүний эрхийг түтгэлзүүлсэн тухай шийдвэрийг бүх гишүүдэд мэдээлнэ.

4.9.  Гишүүн байгууллага түдгэлзүүлсэн тухай мэдэгдэл хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор холбогдох төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд Холбооны Удирдах Зөвлөлийн шийдвэрээр Холбооны гишүүнээс тухайн байгууллагыг хасна.

4.10.  Гишүүн байгууллагаас Холбооны өмчлөлд шилжүүлсэн элсэлтийн хураамж, гишүүний татвар, бусад эд хөрөнгө Холбооноос гарах, хасагдах үед буцааж олгогдохгүй.

4.11.  Холбооны гишүүнээс хасах асуудлыг Холбооны Удирдах зөвлөлийн мэдүүлгийг үндэслэн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж, тухайн хуралд оролцож байгаа гишүүдийн ердийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.

4.12. Холбооны гишүүнээс хасах тухай асуудлыг холбооны удирдах зөвлөлийн хурлаар  шийдвэрлэнэ.

4.13.  Холбооын удирдах зөвлөл гишүүнээс хассан тухай шийдвэрийг шийдвэр гарсанаас хойш 10 хоног дотор бүх гишүүдэд мэдэгдэнэ.

  1. 14. Холбооны гишүүнээс хасах үндэслэлүүд:

4.14.1. Холбооны дүрмийн шаардлагыг удаа дараа биелүүлээгүй, холбоо болон улс үндэсний ашиг сонирхолд нийцээгүй, энэ ашиг сонирхолд хохирол учруулах үйл ажиллагаа явуулсан;

4.14.2.  Тээвэр зуучлалын  үйлчилгээний хууль, дүрэм, журам, стандартын шаардлагыг биелүүлээгүй;

4.14.3.  Холбооны гишүүний татварыг тогтоосон хугацаанд багтаан бүрэн төлөөгүй;

 

5 дугаар зүйл.   Холбооны гишүүний эрх, үүрэг

5.1. Холбооны гишүүн байгууллагын эрх бүхий удирдлага нь   Холбооны таслах эрхтэй жинхэнэ гишүүн мөн.

5.2. Холбооны гишүүн нь Холбоонд өөрийгөө төлөөлөх тусгайлсан итгэмжлэл бүхий төлөөлөгчтэй байж болох бөгөөд төлөөлөгч гишүүний эзгүйд Холбооноос
зохион байгуулж буй ажил, арга хэмжээнд  таслах эрхтэйгээр оролцож болно.

5.3.  Холбооны жинхэнэ гишүүний эрх:

5.3.1.  Холбооны бүх гишүүдийн хуралд өөрийн биеэр оролцох, эсвэл итгэмжлэгдсэн  төлөөлөгчөө   оролцуулж болно;

5.3.2.   Холбооны Удирдах байгууллагыг сонгох, түүнд гишүүнээр сонгогдох;

5.3.3.  Холбооны салбар ажлын хэсгийн үйл ажиллагаанд өөрийн биеэр оролцох эсвэл өөрийн байгууллагын төлөөлөгчийг томилж оролцуулах;

5.3.4.  Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбооны гишүүн байгууллагын статустай байж “Гэрчилгээ” эзэмших, өөрийн бичиг баримтанд МТЗНХ – ны бэлэгдэл тэмдэг хэрэглэх, тогтоосон журмын дагуу FIATA-ын бичиг баримтуудыг ашиглах;

5.3.5.  Холбооны удирдах байгууллага, удирдлагын үйл ажиллагаатай холбоотой асуудлуудаар санамж анхааруулга, санал зөвлөлгөө өгөх, Холбооны ажил хэргийн талаар мэдээлэл авах;

5.3.6.  Холбооны удирдах байгууллага, удирдлагаас Холбооны үйл ажиллагаа, дүрмийн зорилго, зорилтуудын хэрэгжилт, гишүүдийн хурлын шийдвэрийн биелэлтийн явц үр дүнгийн талаар албан ёсоор асуулга тавьж хариулт авах;

5.3.7.   Холбооны мэдээллийн санд байгаа шаардлагатай мэдээллүүдийг Холбоогоор дамжуулан авч ашиглах;

5.3.8.  Өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалахын тулд Холбоонд хандах, дэмжлэг туслалцаа авах;

 

5.4.  Холбооны жинхэнэ гишүүний үүрэг:

5.4.1.   Холбооны бүх гишүүдийн хурал, салбар ажлын хэсгийн ажилд өөрийн биеэр оролцох, эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулах;

5.4.2.  Холбооны дүрэм бусад эрх зүйн баримт бичгийн шаардлага, бүх гишүүдийн хурлын шийдвэрийн биелэлтийг хангах;

5.4.3.  Холбооноос тараах мэдээлэл, ажил хэрэгт  шууд  хэрэглэх  баримт  бичиг  болон  хөрөнгө мөнгөний зарцуулалтын тооцоо, баримтын бүрдүүлэлт, хөтлөлтөнд ажил хэрэгч хандах, зөрчил гаргахгүй байх;

5.4.4.  Холбооны бүх гишүүдийн хурлаар батлагдсан элсэлтийн хураамж ба гишүүний татварыг хугацаанд нь төлөх;

5.4.5.  Гишүүн болон гишүүн бус тээвэр зуучлалын байгууллагын зүгээс Холбооны нийтлэг ашиг сонирхолд үл нийцэх, Холбооны удирдах дээд байгууллагын шийдвэрийг зөрчсөн аливаа асуудлаар Холбоонд мэдээлэл өгөх;

5.4.6.  Холбоог дүрмийнхээ зорилгод хүрэхэд нь бүх талын дэмжлэг үзүүлж, зохион байгуулж байгаа ажил, арга хэмжээнд хүчин чармайлт гаргаж идэвхитэй оролцох, Холбооны нэр хүндийг хамгаалах, бэхжүүлэх;

 

5.5  Холбооны ажиглагч гишүүний эрх:

5.5.1   Холбооны бүх гишүүдийн хуралд өөрийн биеэр оролцох, эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчөө оролцуулж болно;

5.5.2   Холбооны салбар ажлын хэсгийн үйл ажиллагаанд өөрийн биеэр оролцох эсвэл өөрийн байгууллагын төлөөлөгчийг томилж оролцуулах;

5.5.3  Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбооны гишүүн байгууллагын статустай байх, өөрийн бичиг баримтанд МТЗНХ – ны бэлэгдэл тэмдэг хэрэглэх:

5.5.4   Холбооны мэдээллийн санд байгаа шаардлагатай мэдээллүүдийг Холбоогоор дамжуулан авч ашиглах;

5.5.5   Өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалахын тулд Холбоонд хандах, дэмжлэг туслалцаа авах;

 

5.6  Холбооны ажиглагч гишүүний үүрэг:

5.6.1.   Холбооны бүх гишүүдийн хурал, салбар ажлын хэсгийн ажилд өөрийн биеэр оролцох, эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулах;

5.6.2.  Холбооны дүрэм бусад эрх зүйн баримт бичгийн шаардлага, бүх гишүүдийн хурлын шийдвэрийн биелэлтийг хангах;

5.6.3.  Холбооноос тараах мэдээлэл, ажил хэрэгт  шууд  хэрэглэх  баримт  бичиг  болон  хөрөнгө мөнгөний зарцуулалтын тооцоо, баримтын бүрдүүлэлт, хөтлөлтөнд ажил хэрэгч хандах, зөрчил гаргахгүй байх;

5.6.4.  Холбооны бүх гишүүдийн хурлаар батлагдсан элсэлтийн хураамж ба гишүүний татварыг хугацаанд нь төлөх;

5.6.5.  Гишүүн болон гишүүн бус тээвэр зуучлалын байгууллагын зүгээс Холбооны нийтлэг ашиг сонирхолд үл нийцэх, Холбооны удирдах дээд байгууллагын шийдвэрийг зөрчсөн аливаа асуудлаар Холбоонд мэдээлэл өгөх;

5.6.6.  Холбоог дүрмийнхээ зорилгод хүрэхэд нь бүх талын дэмжлэг үзүүлж, зохион байгуулж байгаа ажил, арга хэмжээнд хүчин чармайлт гаргаж идэвхитэй оролцох, Холбооны нэр хүндийг хамгаалах, бэхжүүлэх;

6 дугаар зүйл. Холбооны бүтэц зохион байгуулалт, удирдах байгууллага

6.1. МТЗНХолбоо нь Бүх гишүүдийн хурал, Удирдах зөвлөл, Удирдах зөвлөлийн дарга, Холбооны Ерөнхийлөгч, Холбооны Гүйцэтгэх захирал, Холбооны ажлын алба гэсэн бүтэцтэй байна.

6.2. Холбооны удирдах дээд байгууллага нь Бүх гишүүдийн хурал байна. Бүх гишүүдийн
хурлын үндсэн үүрэг нь Холбооны дүрмийн шаардлагыг хэрэгжүүлэх явдал мөн.

6.3. Бүх гишүүдийн хурал нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

6.3.1. Холбооны дүрэм батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах;
6.3.2. Холбоог өөрчлөн байгуулах, татан буулгах;
6.3.3. Холбооны үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, тэдгээрийн хэрэгжилтийг зохион байгуулах боломж нөхцлийг бүрдүүлэх;
6.3.4. Холбооны жилийн ажлын хөтөлбөр батлах;
6.3.5. Холбооны гишүүний татварын хэмжээг тогтоох, төлөх журам, хувиарлалтыг тодорхойлж батлах;
6.3.6. Холбооны жилийн төсөв батлах;
6.3.7. Тээвэр зуучлалын үйлчилгээний салбарын зах зээлийн хамгаалалт, үнийн нэгдсэн бодлого, зохицуулалтын талаар Холбооноос авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох;
6.3.8. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, гишүүнийг сонгох, чөлөөлөх;
6.3.9. Дүрэмд заасан бусад бүрэн эрх;

6.4. Бүх гишүүдийн хурлын бүрэн эрх нь оролцвол зохих жинхэнэ гишүүдийн 51- ээс дээш хувь нь оролцсон тохиолдолд баталгаажна.

6.5. Бүх гишүүдийн хурлын шийдвэр нь тухайн хуралд оролцогсдын ердийн олонхийн саналаар батлагдах бөгөөд хуралд оролцсон нэг гишүүн нэг саналын эрхтэй байна.

6.6. Бүх гишүүдийн хурлаас тогтоол, хурлын тэмдэглэл гарах ба түүнд хурлын дарга, нарийн бичгийн дарга нар гарын үсэг зурж, Холбооны тамга дарагдсанаар баталгаажиж хүчин төгөлдөр болно.

6.7. Бүх гишүүдийн хурлын шийдвэр /тогтоол/ нь гүйцэтгэгчдийн хувьд эхний ээлжинд заавал биелүүлэх эрхийн акт байна.

6.8. Бүх гишүүдийн хуралд Холбооны жинхэнэ гишүүн, эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцох эрхтэй. Итгэмжлэл нь Монгол улсын Иргэний хуулийн 62.3, 64.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

6.9. Холбооны бүх гишүүдийн тайлан сонгуулийн хурлыг хоёр жилд нэг удаа хийж, Холбооны Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэх, тухайн жилд Холбооноос зохиосон ажлын тайлан, санхүүгийн тайлан тэнцэл, дараа жилийн ажлын ерөнхий хөтөлбөр, төсөв хэлэлцэж батална.

6.10. Хэлэлцэж шийдвэрлэх асуудлын ач холбогдол, хэрэгжүүлэх хугацааны хамаарлаас үүдэн зохих бэлтгэлийг хангасны үндсэн дээр Холбооны Удирдах зөвлөлийн шийдвэр, гишүүдийн 1/3-ийн санал шаардлагаар бүх гишүүдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж болно.

6.11. Хурлаар хэлэлцэх асуудал, хуралдах газар, тогтоосон хугацааг хурал эхлэхээс нэг долоо хоногийн өмнө гишүүдэд албан ёсоор мэдэгдэнэ.

6.12. Хэлэлцэх асуудалд гишүүдээс нэмж оруулах асуудал гарвал тэр тухай саналаа хурал эхлэхээс гурав хоногийн өмнө Холбоонд бичгээр ирүүлэх ба уг саналыг хурлын эхэнд гишүүдэд танилцуулж хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

6.13. Бүх гишүүдийн хурлын тайлан сонгуулийн хугацаанд Холбооны эрх барих байгууллага нь Удирдах зөвлөл байна.

6.14. Удирдах зөвлөл 9 гишүүнтэй байна. Удирдах зөвлөлийн гишүүнийг Холбооны бүх гишүүдийн хурлаар жинхэнэ гишүүд дотроос сонгоно.

6.15. Удирдах зөвлөлийн хурлаар Удирдах зөвлөлийн даргыг сонгоно.

6.16. Удирдах зөвлөл болон даргын бүрэн эрхийн хугацаа 2 жил байна.

6.17. Холбооны Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал нар бүрэн эрхийнхээ хугацаанд Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд зөвлөх эрхтэй орно.

6.18. Удирдах зөвлөлийн дарга Холбоог гадаад, дотоодод төлөөлөх, удирдах зөвлөлийн хуралдааныг даргалах, удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн гүйцэтгэх захирал буюу холбооны ерөнхий нарийн бичгийн даргатай гэрээ байгуулна.

6.19. Удирдах зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

6.19.1. Холбооны Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай санал боловсруулах;Холбоог өөрчлөн байгуулах, татан буулгах тухай санал боловсруулах;
6.19.2. Холбоонд гишүүнээр элсэх, гишүүнээс хасах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр;
6.19.3. Холбооны жилийн ажлын хөтөлбөр боловсруулах;
6.19.4. Холбооны жилийн төсөв зохиох;
6.19.5. Удирдах зөвлөлийн даргыг сонгох, чөлөөлөх;
6.19.6. Холбооны Ерөнхийлөгч, Холбооны гүйцэтгэх захирал сонгох, чөлөөлөх, тайланг хэлэлцэх;
6.19.7. Холбооны Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал, Холбооны ажлын албаны ажилтны цалин, шагнал урамшууллын хэмжээг тогтоох;
6.19.8. Холбооны өмч хөрөнгийг захиран зарцуулах талаар Холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын эрх, хэмжээг тогтоох;
6.19.9. Холбооны ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, удирдлагыг томилох, түүний төсвийг батлах;
6.19.10. Бүх гишүүдийн хурал зарлах, хэлэлцэх асуудлыг батлах, хуралд оруулах баримт бичгүүдийн төслийг боловсруулах, хэлэлцэх;
6.19.11. Дүрэмд заасан бусад бүрэн эрх;

6.20. Удирдах зөвлөлийн гишүүн нь үүргээ гүйцэтгэх явцад гаргасан зардлын нөхөн төлбөрөөс бусад цалин, аливаа шагнал авахгүй.

6.21. Удирдах зөвлөлийн гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанаас өмнө удирдах зөвлөлийн
бүрэлдэхүүнээс гарвал, удирдах зөвлөл түүний оронд үлдсэн хугацаанд гишүүний үүрэг гүйцэтгэгчийг томилох ба энэ тухай шийдвэрийг бүх гишүүдийн хурлаар батлуулна.

6.22. Удирдах зөвлөл улиралд нэг удаа тогтсон өдөрт хуралдах ба цаг үеийн шаардлагаар улиралд хэдэн ч удаа хуралдаж болно.

6.23. Удирдах зөвлөлийн хуралд гишүүд дийлэнх олонхи оролцсон тохиолдолд хурал хүчинтэйд тооцогдох ба хурлаас гарах шийдвэр нь тухайн хуралд оролцсон гишүүдийн ердийн олонхийн саналаар батлагдана.

6.24. Удирдах зөвлөлийн хурлаас тогтоол, тэмдэглэл гарах бөгөөд түүнд удирдах зөвлөлийн дарга гарын үсэг зурж, Холбооны тамга дарагдсанаар хүчин төгөлдөр болж гишүүдийн хувьд заавал биелүүлэх шийдвэр байна.

7 дугаар зүйл. Удирдах зөвлөлийн шийдвэр гаргах журам

7.1. Удирдах зөвлөлийн гишүүд аливаа асуудлыг шийдвэрлэхэд тэгш эрхтэй байна.

7.2. Удирдах зөвлөл нь хувь хүний асуудлыг нууцаар, бусад асуудлыг илээр санал хураах зарчмаар шийдвэрлэнэ.

7.3. Удирдах зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэх асуудлаар гишүүн сонирхлын зөрчилтэй байвал тухайн гишүүн энэ тухайгаа тайлбарлаж санал хураалтанд оролцохгүй. Удирдах зөвлөлийн хуралдаан даргалагч сонирхлын зөрчилтэй байвал хуралдааныг өөр гишүүн даргална.

8 дугаар зүйл. Удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэл

8.1. Удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэлд тухайн хуралдаанаар хэлэлцсэн асуудал, баталсан шийдвэр, нууц санал хураалтыг тоогоор, ил санал хураалтыг нэрээр гаргасан дүн, сонирхлын зөрчилтэй холбогдсон тайлбар, гарах шийдвэрийн талаар зарчмын өөр саналтай гишүүний тайлбар зэргийг тэмдэглэнэ. Гишүүн тайлбараа бичгээр гаргана.

9 дүгээр зүйл. Холбооны гүйцэтгэх байгууллага, бүтэц зохион байгуулалт

9.1. Холбоо орон тооны ажилтан бүхий ажлын албатай байна.

9.2. Ажлын албаны орон тоо нь Гүйцэтгэх захирал, санхүүч, мэргэжилтэн зэрэг албан тушаалтнаас бүрдэнэ.

9.3. Ажлын албаны өдөр тутмын ажлыг Холбооны Гүйцэтгэх захирал удирдлагаар ханган ажиллаж, Холбооны бүх гишүүдийн хурал, Удирдах зөвлөлд ажлаа тайлагнана.

9.4. Ажлын албаны орон тооны ажилтанг Холбооны гүйцэтгэх захирлын тушаалаар томилж, чөлөөлнө.

9.5. Холбоо дэргэдээ “Бодлого зохицуулалтын”, “Гадаад харилцаа, олон нийтийн”, “Сургалт, судалгаа”, “Ёс зүйн” зэрэг байнгын болон байнгын бус бусад салбар хороодтой байна.

9.6. Салбар хороодын ахлагчийг Холбооны удирдах зөвлөлийн шийдвэрээр томилно.

9.7. Салбар ажлын хэсэгт мэргэжлийн байгууллагын өндөр зэрэглэлийн мэргэжилтэнг урьж ажиллуулж болно.

9.8. Салбар ажлын хэсгийн хийж гүйцэтгэх ажлын төсөв, гаднын байгууллагын мэргэжилтэнд олгох цалин, шагналын хэмжээг Удирдах зөвлөл батална.

9.9. Холбооны Ерөнхийлөгч:

9.10.1. Холбооны ерөнхийлөгч нь Холбоог Монгол улсын Төр, засгийн болон олон нийтийн бусад байгууллага, гадаадын болон олон улсын холбогдох байгууллагын өмнө төлөөлөх, Холбооны ашиг сонирхлыг хамгаалах, дүрмийн зорилтыг ханган биелүүлэх үүрэгтэй, Монгол улсын харъяат, төр нийгэмд нөлөө бүхий алба хашдаг, нэр хүндтэй хувь хүн байна.
9.10.2. Холбооны нэрийн өмнөөс өөрийн оронд болон гадаад улс оронд оролцох арга хэмжээнд оролцоно.
9.10.3. Холбооны нэрийн өмнөөс орон нутагт болон гадаад улс оронд зохиогдох арга хэмжээнд оролцоно.

9.10.4 Хүндэт Ерөнхийлөгчтэй байж болно.

9.11. Холбооны Гүйцэтгэх захирал:

9.11.1. Холбооны гүйцэтгэх захирлын албан тушаалд ажиллах хүн нь Монголы улсын иргэн, тээврийн салбарын мэдлэгтэй, удирдах ажлын туршлагтай, гадаад хэлний мэдлэгтэй, тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй хүн байна.
9.11.2. Гүйцэтгэх захирал Холбооны дүрмийн шаардлага, Холбооны өмнө тавигдсан зорилтуудыг бүрэн гүйцэд биелүүлэх хариуцлага хүлээнэ.
9.11.3. Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд холбоог төлөөлөх, өмч хөрөнгийг захиран зарцуулна.
9.11.4. Дүрэм, гэрээнд заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
9.11.5. Гүйцэтгэх захирлын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагын хэмжээ, хязгаар, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, хөлс, урамшуулал зэрэг асуудлыг гэрээгээр зохицуулна.
9.11.6. FIATA-гийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, гишүүний үүргийг нэр төртэй биелүүлэх, сонирхсон бусад орны ижил төстэй холбоодтой ажил төрлийн холбоо тогтоох, холбооны гадаад харилцааг өргөжүүлэх, гадаад харилцааны чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажил төрлийн талаар Холбооны гишүүн байгууллагуудад тогтмол мэдээлж ажиллана.
9.11.7. Гүйцэтгэх захирал тус холбоог төлөөлөн төр, олон нийт, шүүх, бусад байгууллагатай шууд харилцах эрхийг эдэлнэ.

10 дугаар зүйл. Холбооны орлого

10.1. Холбооны орлого нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

10.1.1. Гишүүний элсэлтийн хураамж;
10.1.2. Гишүүний татвар, хандив;
10.1.3. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хандив;
10.1.4. Дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого;
10.1.5. Зээлийн, өвийн болон төсөл хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвөөс олгосон хөрөнгө;
10.1.6. Холбооны гишүүний элсэлтийн хураамжийн хэмжээ жинхэнэ болон ажиглагч гишүүн 50,000 төгрөг байна.
10.1.7. Холбооны гишүүний жилийн татварын хэмжээ жинхэнэ гишүүн 1,000,000 төгрөг, ажиглагч гишүүн 300,000 төгрөг байна.
10.1.8. Холбооны санхүүгийн жил нь календарийн жилтэй ижил байна..

11 дүгээр зүйл. Холбооны зарлага

11.1. Холбоо орлогоо зөвхөн дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулна.

11.2. Холбооны орлогоос ногдол ашиг хуваарилах, иргэн аж ахуйн нэгж, байгууллагад хөрөнгийн баталгаа гаргах, тэдгээрийн төлбөрийг төлөх зэргийг хориглоно.

11.3. Холбооны удирдах зөвлөлийн гишүүн, ажилтнаас Холбооны эд хөрөнгөөр хувийн ашиг олох зорилгоор санхүүгийн буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

11.4. Холбоо Улсын Их хурал, Ерөнхийлөгчийн болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нам, эвсэл, нэр дэвшигчдэд эд хөрөнгө, хандив өгөхийг хориглоно.

11.5. Холбооны гишүүд, хурлынхаа шийдвэрээр хамтын ажиллагааны болон үйл
ажиллагааны тодорхой төслийг хэрэгжүүлэх зорилгоор тусгай зориулалтын санд нэмэлт
хөрөнгө төвлөрүүлж болно.

12 дугаар зүйл. Хяналт шалгалт

12.1. Холбооны дотоод хяналт шалгалтын комисс гурван хүний бүрэлдэхүүнтэй байна.

12.2. Хяналт шалгалтын комиссын бүрэлдэхүүнийг Удирдах зөвлөлийн санал болгосноор Бүх гишүүдийн хурал хэлэлцэж хоёр жилийн хугацаатай батална.

12.3. Хяналт шалгалтын комисст сонгогдсон гишүүн Холбооны удирдах байгууллагад ажиллаж болохгүй.

12.4. Хяналт шалгалтын комиссын даргыг комиссын гишүүдийн анхдугаар хурлаар өөрсдийн дотроос сонгоно.

12.5. Хяналт шалгалтын комисс Холбооны үйл ажиллагааны төлөвлөгөөт шалгалтыг жилд нэгээс доошгүй удаа хийх ба бүх гишүүдийн хурал, удирдах зөвлөлийн шийдвэрээр төлөвлөгөөт бус шалгалт хийж болно.

12.6. Хяналт шалгалтын комисс үйл ажиллагаандаа Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж болон энэхүү дүрмийг удирдлага болгоно.

12.7. Хяналт шалгалтын ажлын хүрээ нь дараах асуудлыг хамаарна:

12.7.1. Холбооны дүрмийн шаардлага, бүх гишүүдийн болон удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийн хэрэгжилт;
12.7.2. Холбооны санхүүгийн үйл ажиллагаа, төсвийн бүрдүүлэлт, зарцуулалт, анхан шатны баримтын хөтлөлт, төсөв боловсруулалт, гүйцэтгэл, нягтлан бодох бүртгэлийн үнэн зөв эсэх;
12.7.3. Хяналт шалгалтын комисс ажлаа бүх гишүүдийн хуралд тайлагнана.

13 дугаар зүйл. Дүн бүртгэл, тайлан тооцоо

13.1. Холбоо Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн дагуу нягтлан бодох бүртгэл хөтлөнө.

13.2. Шаардлагатай үед албан хэрэгцээнд ашиглах зорилгоор гишүүн байгуулагуудын зуучилж тээвэрлүүлсэн ачааны хэмжээ, ажиллагсад, хөрөнгийн байдлын талаар тэднээс мэдээ авч болно.

13.3. Холбооны санхүүгийн тайлан баланс, тайлагнах журам холбогдох хууль, дүрмийн заалтын дагуу хийгдэнэ.

13.4. Холбооны балансаас алдагдаж үрэгдсэн, элэгдэж хуучирсан, цаашид ашиглах
боломжгүй болсон эд хөрөнгө, хогшлийг холбогдох акт баримтыг үндэслэн Удирдах зөвлөлийн шийдвэрээр хасна.
13.5. Холбоо түүний холбогдох албан тушаалтнууд бүртгэл, тайлан тооцооны баримт
бичгүүдийн бүрдүүлэлт, хөтлөлт, нууцлалт, хадгалалтын бүрэн бүтэн байдлын талаар
хариуцлага хүлээнэ.

14 дүгээр зүйл. Баримт бичгийн хадгалалт

14.1. Холбоо дараахь баримт бичгүүдийг байнгын хадгалалтанд байлгана. Үүнд:

14.1.1. Холбоог үүсгэн байгуулсан тухай анхдугаар хурлын тэмдэглэл;
14.1.2. Холбоог байгуулсантай холбогдох бусад баримт бичиг;
14.1.3. Улсын бүртгэлийн гэрчилгээ;
14.1.4. Холбооны балансад байгаа хөрөнгө, эд зүйлсийн жагсаалт;
14.1.5. Холбооны дүрэм, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтүүд, дотоод журам;
14.1.6. Холбооны гишүүдийн гишүүнээр элсэхэд бүрдүүлсэн баримт бичгүүд;
14.1.7. Холбооны бүх гишүүдийн болон Удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлүүд;
14.1.8. Хяналт шалгалтын комисс, аудит, санхүүгийн хяналтын байгууллагуудын дүгнэлтүүд;
14.2. Холбоо баримт бичгүүдээ өөрийн байранд хадгалах ба зохих журмын дагуу
архивт шилжүүлж болно.

15 дугаар зүйл. Холбооны үйл ажиллагааг зогсоох

15.1.Холбооны үйл ажиллагааг холбооны гишүүдийн хурлын шийдвэрээр эсвэл,
шүүхийн шийдвэрээр зогсоож татан буулгана;

15.2. Холбооны үйл ажиллагааг зогсоох тухай асуудлыг бүх гишүүдийн хурлаар хэлэлцэх бөгөөд гишүүдийн дийлэнх олонхий саналаар шийдвэрлэгдэнэ.

15.3. Холбоог Монгол улсын “Төрийн бус байгууллагын тухай” хуулийн 8-р зүйлд заасан
үндэслэлээр шүүх албадан татан буулгана.

15.4. Холбооны үйл ажиллагааг зогсоож татан буулгасан тохиолдолд энэ тухай
шийдвэрийг нийтэд мэдээлэх, улсын бүртгэлээс хасах, өмч хөрөнгийн асуудлыг Монгол
улсын төрийн бус байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 25 дугаар
зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмын дагуу шийдвэрлэнэ.

16 дугаар зүйл. Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах журам

16.1. Бүх гишүүдийн хурал, Удирдах зөвлөл, эсвэл гишүүдийн 1/3-ийн санал болгосноор Холбооны дүрмэнд нэмэлт өөрчлөлт оруулж гишүүдийн хурлаар хэлэлцэн шийдвэрийг
тухайн хуралд оролцогчдын дийлэнх олонхийн саналаар батлана.

16.2. Холбооны дүрмэнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бүртгэх байгууллагад холбогдох хууль тогтоомжийн дагуу бүртгүүлнэ.